Jump to content

Америкийн дуу хоолой

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Америкийн дуу хоолой радио станцын таних тэмдэг

Америкийн дуу хоолой (англи. Voice of America, товчлол. VOA)- Америкийн олон улсын олон нийтийн радио компаний радио станц юм. Энэхүү радио станц нь АНУ-ын Глобал хэвлэл мэдээллийн агентлагийн (англи. U.S. Agency for Global Media, товч. USAGM) нэгж буюу АНУ-ын Засгийн газрын эзэмшилд байдаг байна.

Амеркийн дуу хоолой станцын Төв байр нь АНУ-ын нийслэл Вашингтонд байрладаг. “Америкийн дуу хоолой” нь англи хэлнээс гадна гадаадын 45 хэл дээр, мэдээ, мэдээлэл, соёлын нэвтрүүлгээ гадагшаа цацдаг байна.

Гадаадын зарим сонсогчид "Америкийн дуу хоолой" радиог эерэг нөлөөлтэй гэж үздэг бол нөгөө хэсэг нь Америкийн суртал ухуулгын нэг хэлбэр бөгөөд АНУ-ын Засгийн газрын "тархи угаадаг" нэвтрүүлэг гэж үздэг юм.

“Америкийн дуу хоолой” радио анх 1942 оны 2-р сарын 24-нд эфирт цацагдаж эхэлсэн. "Бид Америк болон дайны тухай ярих болно, мэдээ сайн буюу муу байж болно, гэхдээ бид танд үнэнийг хүргэх болно" гэж радио станц хэлж мэдээгээ цацаж эхлүүлсэн байна. “Америкийн дуу хоолой” радиог анх фашист германы Йозеф Геббельсийн суртал ухуулгын машины эсрэг ажлуулахаар үүсгэн байгуулсан гэдэг.

Хүйтэн дайны үе

Орос хэл дээрх нэвтрүүлгийн гол санаачлагч нь Уильям Аверелл Харриман (англи. William Averell Harriman; 1891—1986) байв. Тэрээр 1946 оны эхээр ЗСБНХУ-д АНУ-ын хэвлэмэл мэдээлэл сурталчилгааны үр нөлөө хязгаарлагдмал байгааг (хязгааралдмал тархалт, соёлын өөр хэв маяг, Зөвлөлтийн цензурын нөхцөл) тэмдэглэж, өөрийн засгийн газартаа "Радио бол Америкаас Зөвлөлтийн ард түмэнд шууд чөлөөтэй хандаж болох цорын ганц хэрэгсэл юм" гэж танилцуулсан байна." Үүний зэрэгцээ Америкийн нэвтрүүлгийг ЗХУ-ын эрх баригчид радио нэвтрүүлгийг хаах, гацаах (эсвэл богино долгионы радио хүлээн авагчийг хураах) нь Зөвлөлтийн ард түмэн болон дэлхий нийтийн өмнө тэдний нэр хүндийг унагаад зогсохгүй эдгээр нэвтрүүлгийн сонирхлыг улам нэмэгдүүлэх болно гэж үзжээ.

1947 онд Хүйтэн дайн эхэлснээр АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болсонтой холбогдуулан Орос хэл дээр нэвтрүүлэг байгуулагдсан юм. Оросын нэвтрүүлгийг голдуу оросын "хоёр дахь давалгаа"-ны цагаачид бэлтгэдэг байсан бөгөөд үүнд мөн Зөвлөлтийн нэрт тагнуулын ажилтан Александр Бармин нар ордог байжээ.

1949 онд украин, 1951 онд Литв, Латви, Эстони, Гүрж, Армян, Азербайжан хэлээр нэвтрүүлэг бэлдэж эхэлсэн. 1970-аад оны дундуур "Америкийн дуу хоолой" радио станц нь засгийн газрын байгууллага байхаа больж, радиогийн сэтгүүлчид дэлхий дахинд болж буй бодит үйл явдлын талаар хувийн үзэл бодлоо (эсвэл "редакцийн байр суурь") илэрхийлэх боломжтой болсон байна.

1950-1990 онд ЗХУ-ын иргэдэд "Америкийн дуу хоолой" болон "Эрх чөлөө" радио станцын мэдээнүүд ЗХУ дотор болон дэлхийн үйл явдлын талаарх бодит мэдээллийн эх сурвалж болж байжээ. Энэ үед орос хэл мэддэг монголын сэхээтнүүд ч мөн уг радиог сонсож хаалттай мэдээ, мэдээлэл авч байсан юм. ЗХУ-ын эрх баригчид Орос болон бусад зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан ард түмний бусад хэл дээрх нэвтрүүлгийн эфирын долгионд тусгайлан шуугиан оруулж ойлгомжгүй болгох, гацаах зэрэг арга хэмжээ авдаг байсан. Гэсэн хэдий ч зөвлөлтийн хүмүүс тэс өөр өнцөгийн үзэл бодолтой нэвтрүүлгийг нууцаар сонсохыг ихэд хүсдэг байжээ.

Зөвлөлтийн сонсогчдын дунд Америкийн дуу хоолой станцын Уиллис Конверын хөтлөн явуулдаг "Жааз хөгжмийн цаг" (англи. Jazz Hour) хэмээх нэвтрүүлэг алдартай байв. Доктор Ирина Келлнерийн хөтлөн явуулсан эрүүл мэндийн хөтөлбөр, Людмила Фостерын номын тойм, Евгений Аронов, Уильям “Билл” Скандрич нарын залуучуудын нэвтрүүлэг бөгөөд Василий Гроссман, Василий Аксёнов, Александр Солженицын, Эдгар По нарын өгүүллэгүүдийг уншиж өгдөг нэвтрүүлгүүд алдартай байсан юм.

1985 оны орчмоос ЗХУ-д "Өөөрчлөн байгуулалт" эхэлсэнээр энэхүү радио станцын нэвтрүүлэгт Зөвлөлтийн эрх баригчид зориуд саад хийх нь бараг больсон байна.

1991 оноос хойш

2008 оны 7-р сарын 27-нд "Америкийн дуу хоолой" радиогийн Орос хэлний алба радио нэвтрүүлгээ зогсоож, интернет рүү бүрэн шилжсэн байна. Эдгээр үйл явдлууд нь вэб нэвтрүүлэгт анхаарлаа төвлөрүүлж боловсон хүчний бүтцийг 44 хүнээс 23 хүн болгон бууруулсан юм.

2014 оны 4-р сарын 9-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Россия сегодня" агентлагийн захирал Дмитрий Киселев "Америкийн дуу хоолой" радиог Москвад дунд долгионоор дамжуулах гэрээгээ сунгахгүй гэж мэдэгдсэн юм.

2017 онд "Эрх чөлөө/Чөлөөт Европ" болон "Америкийн дуу хоолой" радиогийн хамтарсан "Одоогийн цаг" (орос. Настоящее время) орос хэл дээрх телевизийн суваг нээгдсэн байна.