Гран-Плас талбай
Гран-Плас талбай (франц. Grande-Place), Гроте-Маркт (нидерланд. Grote Markt) — Брюссель хотын төв дахь аялал жуулчлалын гол үзмэр болсон түүхэн талбай. Энэ талбайд 1420 онд баригдсан Захиргааны байр (ратуш) болон Талхны буюу Хааны өргөө (нидерл. Broodhuis, франц. Maison du Roi) гэсэн хоёр хамгийн чухал үзмэрүүд байдаг. Брюселлийн зах, худалдааны талбайн цогц барилгуудыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байна.
Зах буюу худалдааны талбай нь 12-р зуунд хатаасан намаг дээр үүсгэн байгуулсан байна. 13-р зуунд Талхны байшин баригдсан бөгөөд энэ нь талх хадгалах зориулалттай байр байжээ. Хожим нь энэ барилгыг Хааны ордон гэж нэрлэх болсон. Сонирхолтой нь Голланд хэлээр хуучин нэр (талхны байшин) хэвээр байгаа бол франц хэлээр уг барилгыг "хааны өргөө" гэж нэрлэдэг байна. 1402-1455 оны хооронд Готик загварын хотын захиргааны байр баригдсан бөгөөд өнөөг хүртэл хэвээр байна.
1695 оны 8-р сарын 13-нд Францын арми Брюссель хотыг хэдэн өдрийн турш буудаж эхлэв. Үүний улмаас хотын төв хэсэг бүхэлдээ сүйрчээ. Зах зээлийн талбай дээр зөвхөн хотын захиргаа, Талхны байшин/Хааны өргөө л бүтэн үлджээ.
1971 оноос хойш хоёр жил тутмын 8-р сарын 15-ны өдөр Гран-Плас талбайд асар том цэцгэн хивсийг хэдэн өдрийн турш бүтээдэг. Сая сая өнгөлөг begonia нь 24х77 метр хэмжээтэй, нийт 1800 м² талбай бүхий хэв маягийг бий болгодог. Олны танил болсон энэ уламжлал өнөөг хүртэл үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган зочдыг татдаг байна.